Энэ блогоос хайх

Sunday 15 May 2011

Баярмаа. Амьдрал

Олон өнгөт их ус мөрнүүдийг
Одоохондоо би сэтгэл гэж нэрлэдэг
Бэхэн цэнхэр далайг цагаан сувдаар чимээд
Би түүнийг аз жаргал гэдэг

Элгээрээ ус бүлээцүүлээд намайг норгоод
Эрхэлж хоносон шувуудыг хүлээлт гэдэг
Нарны шаргал судлаар ариун ус лугшиж
Намрын тэнгэрт мандахыг мөрөөдөл гэдэг

Холын огторгуйд даараад намайг санаад
Хожмоо бороо болон асгархыг хайр гэдэг
Шөнөөр загас гэрэлт хорхойн жимээр нэгжээд
Шинээр шүрэн арал олж нээхийг шүлэг гэдэг

Зөгнөлийн ордонд зугаацаж ханаад намайг дуудаад
Зүүд нойрноос татан сэрээхийг онгод гэдэг
Шар далайн ус солирын бороонд нүдүүлж
Шархндаа чичрэхийг би зовлон гэж нэрлэдэг

Буй биеэрээ өвдөж булингараар хулдаж намайг нуугаад
Буцалж өөрөө цэвэрших их усыг амьдрал гэдэг


No comments: